Өглөө болгон эртлэн босож хувцаслаад, хоол цай ч уухгүй гараад, замын түгжрэлд мэддэг бүх хараалаа урсган байж ажил дээрээ очно.
Тэр ажил руу өглөө болгон очдог шалтгааны 50 хувийг (үнэн биш ч гэлээ үнэн л тоо шүү дээ, Монголын ядуухан нийгэмд) цалин эзэлнэ. Бусад хэдэн шалтгаан нь ажлын амжилтаа ахиулах, хамт олонтойгоо нийлэх, ур чадвараа сайжруулах, нийгмийн амьдралд ээнэгшин дасах гэхчлэн түмэн цэцэг тарьж болох л юм.
Гэхдээ ажлын байр олно гэдэг нь амар биш, ажилд ороод үлдэнэ гэдэг ч амар биш. Тэр ч битгий хэл хамт олонтойгоо нэгдэн нийлнэ гэдэг амар биш, хамт олноосоо дөлөх ч амар биш л болж таарна. Ор тас хамт олонгүй бол ч хэцүү.
Ер нь тэгээд амар хялбар зүйл гэж байдаг юм уу?
Мэдээж байхгүй шүү дээ.
Гэхдээ муухай зүйлс нь сайхнаасаа их юм уу?
Ажлын маань хамтрагч ажлаасаа гарахаар боллоо. Өөрөө хүслээрээ гарч байгаа юм биш л дээ. Зүгээр л гарахаар болчихож. Түүнийг өөрөө ч мэдээгүй байхад нь ажлаас нь гаргахаар болгочхож.
Түүнийг нь сонссон хамт ажиллагсад нь “би мөнгө зээлүүлчихсэн байсан шд, яана аа” гэж халаглахыг харлаа.
Яг бодохоор намайг, ер нь хэн нэгнийг энэрч хайрлах өөр нэгэн гэж огт байдаггүй юм байна. Ажилтнаа хайрладаг байгууллага, байгууллагаа хайрладаг ажилтан, найзыгаа хайрладаг найз, хайртай хүнээ хайрладаг амраг ч гэж байхгүй юм байна.
Тэд нэн тэргүүнд өөрийгөө л тавьдаг юм байна. Би өнөөдөр үхвэл маргааш миний ажлын байранд сул орон тоо гарсан гэж зарлагдана гэдэг туйлын үнэн юм байна.
Хүн бүрт юу ч хамааралтай байдаггүй юм байна.
Тэд нэн тэргүүнд өөрийгөө л тавьдаг юм байна.
Гэхдээ цор ганц хайрладаггүй, анхаарч тоодоггүй нэгэн нь хүн бас л өөрөө байдаг юм байна.
Бусдын төлөө бусдад цагаа бүртгүүлэхийн тулд өглөө болгон эртлэн босоод, түгжрэлд бухимдан бухимдан ажилдаа очиж, 9–10 цагийн турш морь нохой шиг ажилдаг шигээ өөрийгөө хайрлаж, өөрийгөө энэрдэг байгаасай.
Өөрийгөө нэн тэргүүнд тавих биш, нэн тэргүүнд хайрладаг байгаасай.
Бусдад бүртгүүлж байгаа цагаа өөрсдөдөө зарцуулдаг ч болоосой.
22.08.24