Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд гучин жилийн нүүр үзсэн ч яг үнэндээ ардчилалд жинхэнэ утгаараа хүрсэн юм уу гээд бодохоор үгүй.
Ардчилал гэж юу вэ гэдгийг ихэнх хүмүүс ойлгоогүй байдаг. хамгийн аймшигтай нь тэдгээр ихэнх хүмүүс ардчиллыг ойлгоогүй байгаагаа ч ойлгоогүй байдаг.
Яг л “би өөрөө ч өөрийгөө яг хэн бэ гэдгээ одоо хэр ойлгоогүй.” гэдэг шиг.
Хамгийн өргөн, энгийн ойлголтоор, ардчилал гэдэг бол Demos буюу ард түмэн, kratos буюу хүч, засаг гэсэн утга бүхий Грек үг бөгөөд ард түмний засаглал буюу ард түмэн өөрсдөөсөө тодорхой төлөөллөө сонгон улс төр нийгмийн шийдвэрээ гаргах, өөрсдөө өөрсдийгөө засаглах бүхий явц гэж хэлдэг.
Ардчиллын зарчим, үндсэн шинж чанаруудад “хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчим, иргэдийн улс төрийн оролцоо, олон намын тогтолцоо, чөлөөт, шударга сонгууль, иргэний боловсрол, хуулинд захирагдах ёс, нийтэд ил тод байх ёс” зэргээр илэрдэг.
Ардчилалд бүү хэл социализмд шилжих гэж хэдэн арван жилийг ардаа жийж, чардайж явсан манай улсын хувьд Ардчиллын хамгийн үнэт зүйлс нь “хүний эрх, эрх чөлөө” юм шиг санагдаж явсан нь арга ч үгүй биз.
Гэвч энэ ардчиллын андуу эндүү үзэл, хэт туйлширсан, бугшсан хуучин хандлага одоо хэр үргэлжилж, нэгэн зэрэгцээ оршин буй бусад улс орнуудаас хэдэн жилийн хойно яваа маань хэний буруу вэ хайхаас ийм байгаа явдалд миний нэрмээс, миний буруу яг юу билээ гэж хайж буй, адаглаад бодож буй нэгэн огт байхгүй мэтхэн.
Үнэхээр бид ардчилсан улсад амьдарч буй ардчилсан хүмүүс мөнсөн бол хэн нэгнийхээ хэлсэн үгийг мушгиж хов болгон бусдад, магадгүй даргадаа, багшдаа, эсвэл ээждээ, аавдаа матаж, түүнийг нь сонссон нэгэн эргээд ярьсан этгээдийг залхаан цээрлүүлэхээр чухам нэг арга сэдэж, хуучны хардаж сэрддэг тэр тогтолцоо руугаа эргэж үсрэхгүй байх байсан.
Ардчилсан, нэг нэгнийхээ эрхийг дээдлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө төлөөллийг төрд сонгох гэх мэт хэрэгжиж буй мэт нүүртэй хуучин муу тогтолцоо. Аль эсвэл бид зүгээр л ямар тогтолцоо, ямар засаглалд амьдраад байгаагаа ухаараагүй юм болов уу, бүр мартчихсан юм болов уу?
Багшийн чинь ярьж байгаа зүйл буруу гэдгийг мэдсээр байгаа хэрнээ дүнг чинь дарчихна, дургүй болчихно, зуучихна гэж айсандаа амыг нь дагуулж тэр бусдын бурууг яг буруу чигээр нь толгойндоо кодолж суухдаа бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Хэлэх гэсэн зүйл чинь зөв байлаа ч түүнийгээ зөв буруу гэж өөрийнхөө жижигхэн доторт дэнсэлж бодоод буруу гэж дийлдсэндээ амаа хамхиж суухдаа бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Өөрсдийг нь дарлаж кастын систем шиг амьдарч, амьдруулж байгаа олигархиудаасаа авсан хорин мянган төгрөгөөрөө өөрийнхөө хэдэн ч төгрөгөөр үнэлэгдэх ёсгүй сонгох эрхээ зарж суухдаа ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Надаар дутахгүй хорвоо гэж муйхарлан засаг солигдох, сонгогдох өдөр орондоо цагираглан хэвтэхдээ бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Хэн нэгний боломжийг дэвсэлж, өөртөө шинийг худалдаж авахдаа бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Яг л зэрэгцээ нэгнийх нь эрх зөрчигдөж суухад өөрийнх нь биш гэж мунхаглан амаа татаж, хөлөө өргөн чимээгүй зөрж явахдаа бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Хөлөө өргөн өлмийдөж холуур тойрч явсан эрхийн зөрчөөс, үйлийн золигт гарсан нэгийнхээ амийг тасарсан хойно үйлдэгч этгээдийг цаазлахыг шаардаж орилохдоо бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Илүү боломжоор илүү бэлтгэгдсэн хүмүүс илүү ихийг атгаж явахад, эгэл боргил олонх нь итгэж ядан гудайгаад буцахдаа бид ардчилсан засаглалаа мартчихсан байдаг юм болов уу.
Эсвэл эдгээр үйл үнэхээр ардчиллын гор юм уу?
Ардчилсан, гэхдээ яг ч тийм биш Монгол.