Ф. М. Достоевский. “Гэм, зэм”
Гэм буруу, зэмлэл шийтгэл гэдэг үгийг хоршуулан бичсэн нь Монгол хэлнээ тийн яруу тийн сайхан буйг нь л холбоо үг хэмээн андууржихуй.
(тэмдэглэл)
Хүний амьдрал гэдэг. Үргэлжийн сайн сайхан байна гэж үгүй. Үүнтэй агаар нэг, үргэлж муу муухай явсангүй.
Хэсэгхэн зовлонд хөл алдан буруудвал, хүний амьдрал там болдог юм байна даа гэж бодсоор Раскольниковын эрээ цээргүй, эмх замбраагүй олон бодлыг хамт бодолцож, уншин уншиж эхний бүлэг дуусаадахав.
Дэлхий дээр яасан ч олон араншин зэрэгцэн, эрээнтэн оршдог юм. Хүний хайлан Разумихин, хүний адаг Лужин.
Дорой, ноомой Пулихэрья, бардам, хүчтэй Авдотья.
Ажилдаа дадсан Порфирий, алдартаа дадсан Зосимов. Нэгэн цагт, нэгэн газарт орших нэггүй олон араншин зөвхөн хүнд, хүмүүст заяадаг биз хэмээн өөрийн эрхгүй гайхширан үлдэхүй.
Раскальниковын нийтлэн бичснээр “орчлон хорвоод нэг хэсэг нь гайхалтай, заяагдмал. Харин нөгөө хэсэг нь ердөө дагагчид, ердөө амьдрагчид, араатан шиг авирлагчид, буруутангууд, муу хүмүүс (магадгүй зөвхөн миний ойлголт ч байж мэдэх) гэж буй. Тэгвэл тэр сайн хүмүүс муу хүнийг хороох хэрэгтэй. Улмаар хорвоо дэлхий нэг муу хүнээс ангижирна хэмээсэн байхуй. Тэрээр нэгэн муу хүнийг нүгэлтэй нь цуг нүгэлт хорвоогоос тонилгосон. Ингэхдээ нүгэлгүй зовлонт бүсгүйг хамтад нь тонилгосон. Магадгүй тэр зөвхөн үүнд харамсаа биз.
Тэрээр муу хүн байгаагүй. Ядуу хүн байсан. Гэвч тэр ядуу байлаа гээд хүн алах адын бодлыг дотроо хүйтэн сүхтэй цуг өвөрлөн явах хүмүүн байгаагүй болов уу хэмээн түүний үйлд жаахан харуусаж байснаа нуух нь илүүц биз.
Хороосон хүнийхээ амиар сольсон хөрөнгөндөө тэрээр хүрсэнгүй.
Зохиолын дундуур жигтэй гэмээр гарч ирсэн биеэр бус сэтгэлээр ариухан Соня бүсгүй гэж буй.
Би уншиж байхдаа өнөөх нүгэлтэй олсон мөнгөө Соняд, түүний хойд эх Катеринад өгөх болов уу хэмээн горьдож байсан юм. Гэтэл тэгсэн ч үгүй.
Тэрээр мөнгөө чулуунд булсан хэвээрээ зохиол төгсдөг юм билээ.
Тэгвэл хоёр амь хороосон шалтгаан нь юу болж орхив.
Эндээс нэг зангилаа.
Амьдралд хэд хөл алдаж, амьдралаас хэд уйдсан ч ариун цагаан сэтгэлээр амьдарч буй бүсгүй Раскальниковын амьд бурхан, авралын од болжээ.
Үүний учир?
Монгол ардын ухаанд “ Олон хүн сайнтай муутай
Уулын модод урттай, богинотой” гэдэг.
Сайн нь муугаа сүлэн цайруулж хорвоо дэлхий гэгээрдэг гэхүй эгэл нэгэн ухаан энэ номонд шингээстэй байсан буй биз.
Баасанжаргал