Тас харанхуйн голд нэгхэн лаа аваачиж асаавал харанхуй биш болно. Тэгээд лааныхаа хажууд нэг намуухан хөгжим тавьж тоглуулаад, тэр хөгжмийнхөө эгшигт биеэ зайлан аядуухан бүжиглэж эхлэхэд айдасгүй болно.
Одоо харанхуйгаас айхгүй юм чинь, өөр юунаас айх вэ?, гэж дотроо бодон орчноо сэм ажиглана. Хүмүүн гэгч ийм л мунхаг хойно доо. Зовлонгоо эрсээр л байх болно.
Ширээний голд сүүмэлзэх лаа удахгүй унтарна.
Түүнийг анзаарчихвал айдсаа олсонд тооцоход болохгүй нь юу?
Одоо шинэ айдас нь итгэл найдвар, гэрэл гэгээгээ алдах.
Тэгэхгүйн тулд яах билээ?
Хариулт байхгүй.
Гарц нь харанхуйд дасах.
Тэгвэл ахиж айхгүй.
Орчин тойрноо сайн харна. Ажиглана. Дасахын тулд. Лаа бадамлана. Улам өөд өнгийж байгаад мөхөсхийн унтарна.
Ахиад эхнээсээ, бүх зүйл эхнээсээ эхэлнэ.
Сая л даган найгаж байсан хөгжмийн ая одоо айдас хүргэм чийхарна.
Очоод зогсоож чадахгүй. Харанхуйд хөл тушаатай. Одоо хөдөлж ч чадахгүй.
Гэнэт санана. Баруун халаасанд нь чүдэнз байгааг.
Гаргаж ирээд нэгийг зурна.
Түрүүчийнх шиг гэрэлтэй, гэлээ гэхэд мөнх биш юм даа.
Ахиад унтарна. Ахиж нэгийг зураад, тэр нь ч бас унтарна. Дуустал нь бүгдийг нь асаана.
Асахад нь баярлаж унтрахад нь чичирхийлнэ.
Амьдрал гэж эхэн үеэс эцсийн мөч хүртлээ ийм л байдаг даа,
Жаргаад л, бэргээд л. Алхам алхмаар ээлжлэн солигдсоор.
Гэхдээ жаргалтай туулах гэж хичээвэл харанхуйд ч бас өнгө байдаг юм билээ.
Ялгах гээд хичээж үзье.
Жаахан сийрэг, жаахан үнэн бодъё.
Тэгээд би дасчихвал, амьдралаас амттай амттан хаана бий гэж хайх билээ.
Амьдрал амттай.
08 април,2020 08:30ам
Baasanjargal.E