“Оройгүй сүм” номын тэмдэглэл

Baaskuush
3 min readJan 20, 2021

--

Үгээгүй зүдүү орчлонд үрээ төрүүлсэн эх

Үгүй хоосны зовлонд үрээ тэжээсэн эцэг

Үлэмж ачийг марталгүй санах хүү.

Чухамхүү чадаж аваас хариулж барах тус тул хязгааргүй их мэдлэгийн далайд шумбаж орсон Санж гэцэл.

Нэгэн насны турш нүглээ наминчилж, эхийн хэвлийд үр тарьсан гэмээ цагаатгахыг гуйсан ч бурханд үл таалагдсан багш лам Чоймчиг гэлэн. Өөрөө хөвөн болж шатахдаа, нүглээ бас шатаав гэж амирлахдаа залуу лам шавийнхаа эрдмийн замыг нь засаж, хязгааргүй оюуны гадаад далайд гаргавай.

Гагцхүү залуу лам шумбаж орсон далайдаа жараахай мэт чадмаг сэлж, тул загас мэт ахин томорч, удаж сөхөлгүй халим мэт өсөн өсөхүйеэ.

Нүдэнд дулаахан цэвдэг Чогсон, хахир бөгөөтөл хайлан Пагсан. Эрдэм чадалтай багш атал эмгэн шимнанцад дарагдаж, эх бурханы номлол атал эгэл амьдралын жорыг үл гүйцэх, эдэд бус эрхтэнд шунах өлссөн хоёр нүд, ясыг нь авахаар эзнийг нь хорлох лам Жалсан. Заасан эрдмийг нь сурсанд яллаж, унтаж ахуйд хороохоор завдсан Төвд сүсэгтэнүүд. Амийг нь аварсан дайсан Пагсан. Амийг нь авлах гэсэн анд Чогсон гээд амьдын хорвоод нүдээр үзэмгүй олон зүйлийг үзэж, эрхгүй туулжээ.

Амь гарч зугтахаар шийдэв. Арайхийн нөхөр олов. Хамт зугтахдаа багшийн гэрээсийг саналаа. Гэрээс ёсоор биелүүлэхийг зорив. Боож далдалсан гулдмай. Аниг Гомбод очих тавилантай хагас гулдмай. Эм болов. Зүсээ далдлав. Шимнанцын сүм Аниг Гомбо. Балмад шимнанцууд. Эрийг адалсан эмс, шимнанцууд. Эм хүйстнүүд эрийг нухав. Бачимдсан Санж орилчихлоо. Тэр мэдэгчихлээ. Давхар гай. Чогсон ирчихшив. Санж өнгөрчээ.

Гэтэл үгүй байж. Аз таарав. Хуучны танил, нүүрийг нь л таниж байлаа. Мэнд мэдэлцэв. Амийг нь аварсанд талархаад ч амжив. Гэвч танихгүй болжээ. Бодол санаа нь зэрлэг, уулын балмад дээрэмчин. Ханилсан эмээ хаясан гэнэ. Үргүй гэж голсон гэнэ. Чогсон дууслаа. Амьсгал нь тасарлаа. Түүнээс айхаа болив. Арайхийн нутгийн бараа. Нутгаа үзлээ. Анх таарсан гэрт оров. Анх тэвэрсэн эм, эрээ алдсан бүсгүйг эмээлтэй мориноос буулгаж ахин суулгахдаа л анх удаа тэвэрч үзсэн, анхны эм сэтгэлд уягдав.

Залуу лхаарамба. Өвгөдийн мэдлэгийг түүний мэдлэг уландаа тэнцүүлжээ. Залуу хамба. Хийдийн олбог дээр хамба атал шөнөөр тэр хар гэр рүү адгана. Янаг хайр. Мэдэрч болохгүйг мэдрэхээр дээл орхимжоо тайлахдаа мэхэлж болохгүй бурхандаа хэдий нь баригдаж орхив. Гэвч оройтсон.

Хийдийн хамбатан. Эцэг хамба. Гэхдээ мэдсэнгүй, төдий сэтгэсэнгүй. Үргүй золгүй эмд үрийн заяа хайрлах юм чинээ санасангүй.

Хамба лам. Үеийнхэн нь түүнийг үлгэрлэхийг хүсэв. Ахас харин үл таалав. Өөрсдөөс нь хэтийдсэн мэдлэгийг нь бус хүндлэв.

Хамба лам. Эх нь үгүй, сүм нь хуучин. Хамба сэдэв. Эхийн ачийг яахин хариулахаа. Эхэд зориулъя гэж сэтгэлдээ ярьж , эцэгтээ шивнэв. Нутгийнханд зориулъя гэж хийдийнхэнд ярьж, ардад зарлав.

Эцэг явлаа. Эхийн төлөө гэх хүүгийн сэтгэлийн төлөө эцэг амиа золин бүхнээ дайчлав. Эцэг өнгөрөв. Эх бас эцгийн төлөө. Тэдний ачийн төлөө.

Гай тохиолоо. Үйлийн үр. Эм баярлав. Тэр үр үзэх нь. Эр гайхширав. Үрийн зулай. Хийдийнхэн гялайв. Тэд ч мэдчихлээ. Хэлэлцэж тохироод шар шувтлахаар болов. Нүд рүү нь цацав. Шар биш хар байв. Харанхуй орчлонд шаргал говийг туулах болж шар шувтлах болов. Юу ч харахгүй. Цацсан нунтаг мэлмиййг халав. Эм гунилалаа. Бас хууртлаа. Эмийг ч мөн хороов. Үр нь бас үхжээ. Санж уйлна. Шаргал говийг туулна.

Тэр чадсангүй. Оройгүй эрдэм, Оройгүй ач тус, Оройгүй сүм. Санж алиных нь ч оройд үл хүрэв. Төгсөв.

( Түдэв гуай энэхүү романаа “Эрдэмд оройгүй” гэж тайлсан ч би үүнийг тайлахдаа “Эцэг эхийн ач буянд орой үгүй юмсанж уу хэмээн тайлав аа. )

Э. Баасанжаргал

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet