Baaskuush
5 min readMar 8, 2021

Бакалаврын судалгааны ажил буюу Дипломын ажил бичихдээ:

Хэрэвзээ та аль нэг их сургуулийн оюутан бөгөөд судалгааны ажлаа хэрхэх тухай гайхаж Google самарч суугаад үүнтэй таарвал “юмыг яаж мэдэх вэ, хэрэг болж магад” гээд дуустал нь нэг уншаад үзээрэй.

Харин уншиж дуусаад “Авах гээхийн ухаан”-аар хандаж өөртөө тус болоорой. Учир нь энд зөвхөн миний туршлага, сургамж л бичигдэх юм.

Юун түрүүнд сануулахад, дипломын ажил бичихийг аймшигтай хэцүү зүйл гэж бодож битгий шаналаарай. Хийгээд эхэлвэл харин ч амархан байхыг хэн мэдлээ.

Хэрвээ та нэгэнт дипломын ажил бичихээр сэтгэл шулуудсан бол дараагийн чухал сонголтууд таныг хүлээж байх болно. Тиймээс яараарай.

Диплом бичиж, хамгаалах процессийг нийт 100% гэж тооцвол түүний 30% нь таны сонголт хийх үе гэж тооцож болох юм.

Тодруулбал, дипломын ажлаа ямар сэдвээр, аль багшаар удирдуулан бичих вэ гэдгээ шийдэх үеийг Сонголт хийх үе гэж нэрлэж буй юм.

Тэгэхээр, та сэдэв сонгох болон багш сонгоход л 30% ажлаа хийсэн гэсэн үг.

Гэхдээ 30% гэдэг тоглоом биш. Үүнийг сайн хийх нь судалгааны ажлын тань суурь болох учир тун анхааралтай байх хэрэгтэй.

Сэдвээ эхлээд сонгоорой. Ингэхдээ ганцхан биш, 2–3н боломжит сэдэв бодож олох хэрэгтэй. Дараагаар нь аль багшаар удирдуулахаа шийдэж, тухайн багштай холбогдон удирдуулах зөвшөөрөл хүсэж, зөвшөөрүүлж чадвал өөрийн бэлдсэн сэдвүүдээ багштайгаа ярилцан өөрт тохирохыг сонгох боломжтой.

Сэдвээ сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Тухайн сэдвээр судалгаа хийх нь танд ашигтай буюу үр дүнтэй эсэх. Болж өгвөл цаашдын ажил, кареерт тань нийцвэл зүгээр.
  2. Тухайн сэдвийн судлагдсан байдал- бакалаврын судалгааг аль болох урьд өмнө судлагдсан бөгөөд арай өөр өнцөгөөс харж, судлах боломжтой тийм сэдэв байвал ашиглах материалаас эхлээд илүү амар байх болно.
  3. Хэт том сэдэв биш, тодорхой асуудалд аргумент дэвшүүлэхүйц бага боловч чухал сэдэв байх нь зүйтэй байж болох.
  4. Өөрийнхөө сэдэвт итгэлтэй байх хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэдэг үг зүгээр ч нэг үг биш шүү. Үнэхээр өөрөө дургүй, итгэлгүй байвал яаж ч хичээсэн хүссэн үр дүндээ хүрэхгүй.

Харин багшаа сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Хамгийн түрүүнд ямар сэдвээр судалгаа хийхээр төлөвлөж байна, тэр сэдвээрээ хичээл заадаг багшид хандаад үзээрэй. Аргазүйн зөвлөгөөг бүх багш зааж чадах боловч илүү мэргэжлийн зөвлөгөөг тухайн сэдвээр ажилладаг багш илүү өгөх магадлалтай юм.
  2. Багш тань сэдвийг чинь хүлээн зөвшөөрөх буюу харж буй өнцөг нь чинийхтэй нийлж байвал хамтрахад таатайгаас гадна сэтгэлзүйд тань хэрэгтэй. Өөрөөр хэлбэл анхнаасаа багштайгаа сайтар ойлголцох хэрэгтэй.
  3. Нэмж хэлэхэд, багшаасаа магтаалын үг сонсох гэж горьдолгүйгээр шүүмж бүрийг нь адис шиг хүлээж аваарай.

Дараагийн 20% бол судлах, бичих үе.

Бүтэн судалгааны бичвэр тань ердөө 20% байгаад гайхаж байгаа байх. Сонголтоо аятай сайн хийсэн бол бичих үе харьцангуй хялбар байх болно.

  1. Эхлээд сэдвээ сайтар ойлгож нийт судалгааны ажлынхаа бүтэц буюу хэдэн бүлэг, дэд бүлэгтэй хийх, мөн ямар дарааллаар хийхээ шийдэж, гарчгуудаа гаргах. Ингэхдээ нэг бүлэгт 2–3 дэд бүлэг байхад хангалттай зарчмаар яваарай. Мөн бакалаврын хэмжээнд 2 бүлэг бүхий судалгааны ажил байвал зохистой байж болох.
  2. Дараагаар нь гаргасан гарчгийнхаа дагуу уншиж судлах Database буюу эх сурвалжуудаа нэг газар бөөгнүүлэх хэрэгтэй. Номнуудын зохиолч, нэрийг бичих, цахим сурвалжуудын холбоосыг авч хадгалах зэргээр нэгтгэх.
  3. Цуглуулсан эх сурвалжуудаа харьцуулан унших, хэрэгтэй болон гол хэсгүүдийг тодруулах.
  4. Судалгаа авах буюу хүмүүсээс түүвэрлэх бодит судалгаа шаардлагатай эсэхийг эхлэхдээ л багштайгаа зөвлөлдөн шийдвэрлэх. Шаардлагатай гэвэл эртнээс эхлүүлэх. Бакалаврын судалгаа нь хэт олон хүнийг хамарсан байх албагүй ч олон хүн хамрах тусам үнэнд ойр байх боломжтойг бодолцох.
  5. Эндээс эхлэн бичиж эхлэх. Харьцуулж уншаад юу гэж дүгнэсэн, аль номны, аль хэсгийг бүхэлд нь оруулах зэргээр логик дараалалтай, зөв зохистойгоор бичиж эхлэх.
  6. Бичилтийн явцаа багшдаа үргэлж шалгуулж, шаардлагатай хэсгээ нэн даруй засварлах.
  7. Ном зүйг зохистой хийх.
  8. Урьдчилсан хамгаалалтад орохдоо дуусгасан байхыг хичээх хэрэгтэй. Урьдчилсан хамгаалалтаар комиссын бүх гишүүд шүүмж өгөх бөгөөд жинхэнэ хамгаалалтад оруулах эсэхийг шийдэх тул дуусгасан хойноо шүүмж авбал илүү өгөөжтэй байх боломжтой.
  9. Урьдчилсан хамгаалалтын дараагаар комиссын гишүүдийн шүүмжийн дагуу засварлаж ахин комиссоор дамжуулан шүүмжлэгч багшид илгээгдэнэ. Улмаар шүүмжлэгч багш илүү нарийн шүүмжүүдийг хэлэх бөгөөд энэ үеэр хэт магтсан болон хэт шүүмжилсэн байвал сандрах, тайвшрахын алийг ч бүү сонгоорой. Энгийнээр хүлээж авч, шүүмжийн дагуу засах, эсвэл жинхэнэ хамгаалалтад бэлтгээрэй.

Эцэст нь хамгаалах буюу үлдсэн 50% руу орно. Энэ үед хамгаалах пресентаци бэлтгэх, судалгааны ажлаа хамгаалж илтгэх, комиссын асуултуудад хариулах зэрэг багтана.

Ямагт анхаараарай. Хэчнээн сайн зүйл бичсэн ч хамгаалж чадахгүй бол үр дүн санаснаас бага байх болно. Харин муу бичсэн ч санаагаа сайн хамгаалж чадвал бодсноос илүү байх ч магадлалтай юм. Ингээд дараах зүйлсийг анхаараарай.

  1. Пресентаци бэлтгэхдээ ч мөн багштайгаа зөвлөлдсөөр байгаарай.
  2. Үсгийн фонт, мөр хоорондын зай зэргийг анхаарч тааруулах.
  3. Текстүүдээс гадна график, зураг, хүснэгт зэргээ логик дараалалтайгаар оруулах.
  4. Хамгаалах илтгэлийн хугацаа- ихэвчлэн энэ хугацаа харьцангуй бага байдаг. 15–20 минут гэж бодож тайван яваа бол өөрийгөө алгадаад илүү бага хугацаанд багтаах гэж оролдоорой. Ихэвчлэн 5–10 минут байх болов уу.
  5. Хамгаалах илтгэлээ танилцуулахдаа тайван байж, зөв тод илтгэх.
  6. Хамгаалах илтгэлийн дараа шүүгчдийн асуултад товч бөгөөд тодорхой, гол нь маш тодорхой хариулах.

Ингээд энэ бүхний дараа танд дүнгээ хүлээх л үлдэх юм.

Дүн чинь хэд ч байлаа гэсэн та болон таны зөвлөх багш хичээсэн гэдгийг бодож тайвшран өөртөө амралт өгөөрэй.

Бас бус 10н зөвлөгөө:

  1. Хичээж байна гээд бүх нойроо золиосолж болохгүй. Хэт хүчилж олон шөнө нойргүй хонох нь харин ч бүтээлч сэтгэлгээг чинь багасгаж муу бичиж ч болох юм шүү. Амралт, ажил хоёрыг зөв тааруулаарай.
  2. Мөн нойроо сэргээж байна гээд хэт их кофе уух нь зүрхэнд тань асуудал үүсгэж болохыг анхаараарай.
  3. Хоол ундаа зөв тааруулж эрүүл байх нь чухал. Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг шүү.
  4. Хэт их сандрах, чадахгүй байна гэж шаналах зэрэг нь судалгааны чинь ажилд ямар ч үр дүн гаргахгүй бөгөөд аль болох тайван байхыг хичээж, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
  5. Зовлон жаргалаа ярилцах нэг найз, зовлон жаргалаа мэдэлцэх буюу өөртэй чинь адил судалгааны ажил бичиж буй нэг найз заавал байх ёстой шүү.
  6. Тухайн сэдвийн дагуу мэргэжлийн нэг хүнээс тусламж хүсэж, ярилцлага авах, зөвлөмж асуух зэргээр холбогдоорой.
  7. Нэгэнт бүх оюутны сэдэв тодорхой болж бичилт эхэлчхээд байхад бусдаасаа нууж байгаа нэрээр амиа хичээхгүй байгаарай. Та нар бүгд нэг завин дээр сууж байгаа шүү.
  8. Дипломын ажил хийх нь амар биш гэдэг нь анхнаасаа тодорхой байсан тул хэцүү байна гээд бусад асуудал, хичээл номоо орхилгүй зэрэг хийхийг эрхэмлээрэй.
  9. Дипломын ажил бичих нь таны бодсоноос хэд дахин бага ажил. Бид хэт томоор төсөөлөөд санасандаа хүрэхгүй болохоор айгаад байдаг. Тиймээс анхнаасаа хэт томоор битгий төсөөлөөрэй.
  10. Хэцүү санагдаж хийж чадахгүй шаналаад байвал хэсэг хугацаагаар орхиод өөрийгөө амраагаарай. Гэхдээ хэт удаан битгий орхиорой.

Ямар ч байсан та дуусгах болно. Дуусгах дуусгахдаа амжилттай дуусгана. Тиймээс хичээнгүйлэн хийгээрэй.

Амжилт хүсье.

Baasanjargal_Enkh

Baaskuush
Baaskuush

No responses yet